Их Британи улсын Эрчим хүчний технологийн газараас дэлхийд хамгийн урт тооцогдохуйц салхин турбины сэнс үйлдвэрлэхээр болсон байна. Мэдээж хэрэг сэнсний хэмжээ томорч урт болохын хэрээр их бие, генератор гэх мэт эд ангиуд том овор хэмжээтэй болох нь тодорхой юм. Уртаараа 100 метрт хүрэх энэхүү салхин турбины сэнсийг хамгийн сүүлийн үеийн технологиуд ашиглан хийх бөгөөд жингийн хувьд 40 хүртэл хувиар багасгах боломжтой гэнэ.
Одоогийн байдлаар түгээмэл ашиглагдаж байгаа салхин сэнснүүдийн урт нь 75 метр бөгөөд 5-6 мВт хүчин чадалтай байгаа билээ. Тэгвэл төслийнхөн шинээр хийх салхин сэнсийг дор хаяж 8-10 мВт эрчим хүч гаргах хүчин чадалтай хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Их Британи улсын хувьд далайн эргийн хүчтэй салхиа ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд цаашид ч ийм төрлийн төслүүдийг санхүүжүүлсээр байх болно гэжээ. Энэхүү дэлхийн хамгийн урт сэнстэй салхин турбиныг 2014 онд хэрэглэж эхлэхээр төлөвлөж байгаа аж.