Өнгөрөгч ням гарагаас эхлэн Tokyo Electric Power компаний Fukushima Daichii атомын цахилгаан станцын реактор дотор цацраг идэвхижилтийн түвшинд хэмжилт хийхээр анх удаагаа алсын удирдлагат робот ажилласан байна. Уг атомын цахилгаан станцын зарим хэсэгт компаний ажилчид ажиллаж чадахааргүй нөхцөл байдалтай байгаа юм. Станцын 3-р реакторын барилга байгууламж доторх цацраг идэвхижилтийн хэмжээ болон түүний ойр орчим дахь температурын хэмжилтийг хийсэн байна. Алсын удирдлагатай роботыг операторууд нь чадварлагаар жолоодон реактор луу дөхөх замд таарсан хоёр ч хаалгыг нээж дотогш нэвтэрсэн байна. 14 метрийн өндөртэй цунамигаас болж уг атомын цахилгаан станцын ойр орчим ихээхэн хэмжээний хог хаягдал үүссэн учир алсын удирдлагатай экскаватор болон тээвэрлэгч машин ашиглан цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд станцын ойр орчмын байдлыг нисгэгчгүй онгоц ашиглан дүрс бичлэгийн тусламжтай ажиглаж байгаа юм. iRobot Packbot нь аюултай орчин нөхцөлд ашиглаж болохоор зохион бүтээгчид нь хийсэн бөгөөд цаашид ослын нөхцөл байдлыг арилгах зорилгоор цэргийн ажиллагаанд ашигладаг тэсрэх бөмбөг цэнэггүй болгох зориулалттай 3000 ширхэг роботыг ашиглана хэмээн мэдэгдсэн байна. Мөн Их Британы батлан хамгаалах яамны харъяа компаний бүтээсэн Talon роботыг ашиглаж эхлэсэн байна. Уг роботыг 9-р сарын 11-ны хэрэг явдалын дараа барилгын нуранги зайлуулах ажиллагаанд ашиглаж байсан юм.