Imagination is the highest form of research. Albert Einstein

Voyager-1 станц нарны аймгийн хязгаарт

Сансарын алсын зайн аялалын Voyager-1 станц хөөргөснөөс хойш 33 жилийн дараа 10.8 тэрбум км зайг туулан нарны аймгийн хязгаарт тулж ирээд байна. Тус станцыг нарны гадаргаас ялгарах цэнэгт тоосонцорын урсгал буюу нарны салхийг судлах зорилгоор 1977 оны 9 сарын 5-нд НАСА хөөргөсөн юм. Voyager-1 станц одод хоорондын орон зайн нөлөөгөөр нарны шуурганы эрчим буурах "termination shock" бүсийг 2004 онд өнгөрөн гарахдаа нарны салхины чиглэл муруйдаг гэсэн эрдэмтдийн таамаглалыг батласан юм. Эрдэмтэд станцад суурилуулсан бага энергээр цэнэглэгдэх тоосонцорыг мэдрэх төхөөрөмжийн тусламжтайгаар станц нарны салхины хурд тэгтэй тэнцэх, нарны аймгийн захын "heliosheath" хэмээх бүсэд байрлаж байгааг тогтоосон байна. Тус станц цаашид 4 жилийн турш аялан одод хоорондын орон зайд нэвтрэн орох хүртлээ дэлхийтэй холбоотой байж мэдээллүүдээ илгээсээр байх ажээ.

Voyager-1 станц Бархасвадийг судлахаар хөөргөсөн Pioneer-10 станцын дэргэдүүр 1998 оны 2 сарын 17-нд өнгөрсөнөөс хойш хүн төрөлхтний бүтээсэн техникүүд дундаас хамгийн хол зайг туулсан дээд амжилтыг үзүүлсээр байгаа юм. Voyager-1 болон Voyager-2 станцууд Бархасбадь, Санчир, Далай ван гаригуудын дэргэдүүр өнгөрөх үедээ тэдгээрийн олон арван фото зураг авч дэлхий рүү илгээжээ. Эрдэмтэд зургуудыг судлан Бархасбадийн саран дээр идэвхтэй галт уул байгааг илрүүлсэн зэрэг сансар судлалын сонирхолтой шинэ нээлтүүдийг хийсэн юм. Одоогоор Voyager-1 станц 61 мянган км цаг хурдтайгаар нисч яваа бол Voyager-2 станц арай бага буюу 56 мянган км/ц хурдтайгаар 8.8 тэрбум км зайг туулаад байна. Мөн харь гаригийн амьдралд дэлхийн дуу хоолойг хүргэх зорилгоор 12 инчийн диск бүхий дэлхийн төрөл бүрийн амьдрал, соёлыг илэрхийлэх зураг, бичлэгүүдийг хоёр станцад байрлуулсан билээ.





Дашрамд нь асуухад Voyager станцын дискэнд агуулагдах 2 хүний дүрсний эрэгтэй нь яагаад баруун гараа өргөсөн байдгийг тайлбарлаж өгөх хүн байна уу?

ЭХ СУРВАЛЖ: http://robomec.blogspot.com