Imagination is the highest form of research. Albert Einstein

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал

Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээний огцом уналт бий болсон, хөдөөгийн сумдын төв, суурин газрын дулаан, цахилгааны хангамжийн тогтолцоо нурж унасан бөгөөд түүнийг дахин сэргээхээр гадаадын зээл тусламжийн ихээхэн хөрөнгө хүч хаясан, эрчим хүчний салбарын хэтийн хөгжлийн бодлого хэн нэгэн хүн болон аль нэг нам хүчний улсын төрийн бодлогын аясаар залуургүй шахам хэрэгжиж эхэлсэн үе гэхэд хилсдэхгүй бизээ.
Энэ үед эрчим хүчний үйлдвэрүүдийн чадлыг нэмэгдүүлж чадаагүй боловч, хэрэглээг ихээхэн өргөтгөх хөрөнгө оруулалт хийж дулаан, цахилгааны шугам сүлжээ өргөжсөн байна. Энэ нь эрчим хүчний салбарыг улам бүр хямралын байдалд оруулсаар байгааг мэрэгжилтнүүд сануулсаар байна.
Хөдөөгийн малчид, сум сууринг цахилгаанжуулахад нар, салхи, усны эрчмийг өргөн ашиглаж эхлэв. 2009 оны байдлаар 100000 гаруй малчин айл өрх нар, салхины эрчмийг ашиглан цахилгаантай болов. Малчдыг цахилгаантай болгоход нар, салхины эрчмийг ашиглахаас өөр илүү оновчтой арга, технологийг одоо хир санал болгоогүй байна.
Шинжлэх ухаан, техник, технологийн эрчимтэй хөгжлийн явцад манай гаригийн байгалийн баялгийн хэрэглээ байнга өсч байгаагаас нөөц нь улам бүр шавхагдаж түүнийг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх хортой нөлөө нь хүн төрөлхтөнд аюул занал учруулж байгаа, ялангуяа томоохон хотын эрчмийн хангамжийг оновчтой шийдэхгүй бол агаар орчны бохирдол үүсч, хүн амд ихэээхэн аюул учруулахыг бид биеэр мэдэрсэн он жилүүд үргэлжилж байна.
Улс орны эдийн засгийн хөгжил нь нэг талаас, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ, түүний өсөлтөөс шууд хамаарах ба хүн ам өсч, соёл иргэншил хөгжихийн хирээр эрчим хүчний хэрэгцээ улам нэмэгдэх бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ, түүнийг үр ашигтай хэрэглэх технологийн түвшин, эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангаж чадахгүй, удаашралтай явагдвал бэрхшээл тулгарах нь зайлшгүй болж, дэлхий дахинд өргөн хэрэглэж буй уламжлалт аргаар гаргаж байгаа эрчмийн үйлдвэрлэл нэмэгдэх тутам, түүнд зориулагддаг түүхий эдийн нөөц хомсдож, үүний үр дүнд бүтээгдэхүүний өртөг улам бүр өсөхийн хамт хүрээлэн байгаа орчны бохирдолт ихэсдэг нь өнөөдөр дэлхийн нийтийн төдийгүй манай орны тулгамдсан асуудал болж байгаа тул энэ талаар дэлхий дахинд олон улсын хэмжээнд гаргасан шийдвэрүүдэд манай орон нэгдэн орлоо. Тухайлбал 1992 оны Рио Де Жанейро хотод болсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, 1997 оны Киотогийн протокол зэргийг дурдаж болно.



Эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн байдал

2009 нд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон 18 компани 8702 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулан 360 гаруй мянган хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж ажилласан байна.

Эрчим хүчний төв, баруун, зүүн бүсийн системийн дүнгээр 2009 онд дулааны цахилгаан станцаар 3,989,7 сая кВт.ц усан станцаар 11,05 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, импортоор 180,8 сая кВт.ц цахилгаан худалдан авч, экспортод 21,2 сая кВт.ц цахилгаан гарган, 2746,9 сая кВт.ц цахилгаан, 6,399,7 мян.Гкал дулаан хэрэглэгчдэд түгээсэн.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч ккомпаниуд 2009 онд нийт 237,9 тэрбум төгрөгний үйл ажиллагааны орлого олж, 275 тэрбум төгрөгний зардал гарган үндсэн үйл ажиллагаанаас 37,1 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан ба татварын дараах балансын алдагдал 69,6 тэрбум төгрөгт хүрсэн.

Жилд дундажаар 7000 орчим үндсэн ба туслах тоноглолд 18.9 тэрбум төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэж, 3.5 тэрбум төгрөгийн техник зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Эрчим хүчний салбар зохицуулалтанд орсноор эрчим хүчний үнэ тарифт өнгөрсөн хугацаанд 5-н удаа зохицуулалт (2002, 2005, 2007, 2008, 2009 онд) хийсний үр дүнд борлуулалтын орлого 2001 онд 96.0 тэрбум төгрөг байсан бол 2009 онд 237.0 тэрбум төгрөг буюу орлого 2.5 дахин нэмэгджээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах ялангуяа дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээнд зарцуулсан цахилгаан болон дамжуулалт, түгээлтийн алдагдал, жишмэл түлшний хувийн зарцуулалтыг бууруулахад анхаарал хандуулж тухай бүр нь дүгнэлт гарган ажиллаж иржээ. Үүний үр дүнд ДЦС-ууд-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчнээс 8,9 тэрбум төгрөг, түлшний хувийн зарцуулалтаас 10,0 тэрбум төгрөг, мазутаас 2,4 тэрбум төгрөг, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлыг 23.6 хувиас 16.8 хувь хүртэл бууруулснаас 11.0 тэрбум төгрөг, нийт 32.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.

Мөн түүнчлэн эрчим хүчний салбарын өмнө тавигдаж буй томоохон зорилтын нэг бол бодит өртөг зардалд тулгуурласан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх асуудал юм. Цахилгаан, дулааны тарифын дизайныг олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд цагийн ялгавартай тарифын тогтолцоог боловсронгуй болгох, шөнийн цагийн хэрэглээг нэмэгдүүлэх, чадлын тарифыг мөрдүүлэх, айл өрхийн хэрэглээний түвшингээс хамаарсан ялгавартай тариф, гэрэлтүүлгийн тариф, эмзэг бүлгийн тарифыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн 2001 оноос хойшхи 8 жилийн хугацаанд хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ тарифт 20 удаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тарифт 152 удаа тус тус зохицуулалт хийгдсэн. Үүний үр дүнд Төвийн бүсийн хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ 2001 оны эцэст байснаас 1.5 дахин, орон сууцны халаалтын тариф 1.65 дахин, ахуйн хэрэгцээний халуун усны тариф 2,5-3,75 дахин нэмэгдэж, эрчим хүчний томоохон 18 компанийн үйл ажиллагааны борлуулалтын орлого 2001 онтой харьцуулахад 142,0 тэрбум төгрөгөөр буюу 2.5 дахин нэмэгдсэн байна.

Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлт болон хэрэглэгчдийн тарифын өсөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон 18 компанийн борлуулалтын орлого 2001 онд 96,0 тэрбум төгрөг байсан бол 2009 онд 237,9 тэрбум төгрөгт хүрч, компаниудын борлуулалтын орлогын жилийн дундаж өсөлт 16,6 хувь байна. Ингэснээр компаниудын эдийн засгийн чадавхи тодорхой түвшинд дээшилсэн билээ.

Цахилгааны бөөний худалдаанд “Нэг худалдан авагчтай загвар”-ыг 2002 оноос эхлэн мөрдүүлж ажилласнаар борлуулалтын орлого төвлөрүүлэлт 70 гаруй хувьтай байсныг 2007 онд 100 хувьд хүргэж эрчим хүчний үйлдвэрүүдийг хөрөнгө мөнгөний гачаалаас гаргах, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд тодорхой үр дүнд хүрсэн.

Гэсэн хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг компанийн орлого нь түүний санхүүгийн чадавхийг хангахуйц хэмжээнд хүртэл нэмэгдүүлж чадахгүй байна.

Эрчим хүчний салбарт эрчим хүчний алдагдлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх , тасалдал саатлыг бууруулахад чиглэгдсэн олон төсөл үр дүнтэй хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны түвшин эрс сайжирч, салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ерөнхий дүр зураг харагдаж байгаа хэдий ч компаниудын санхүүгийн чадавхи суларч улмаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөлт давхцаж байгаа нь компаниудын санхүүгийн чадавхид ч нөлөөлж эхэллээ.

Эрчим хүчний салбар зохицуулалтад орж олон нааштай эерэг үр дүн гарч байгаагийн зэрэгцээгээр бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө болон түүнээс хойш ч шийдвэрлэж чадахгүй байгаа нэг томоохон асуудал нь салбарын өр, авлагын сүлжээ юм. Эрчим хүчний үйлдвэр, уурхай, бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгчийн хоорондын өр, авлагын хэмжээ дорвитой буурахгүй байгаагаас компаниуд хөрөнгийн эх үүсвэрийн хомсдолд орж санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байна.

Компаниудын өр төлбөр 2002 оны эцэст 43,9 тэрбум төгрөг, авлага 22,7 тэрбум төгрөг байсан бол 2009 оны байдлаар эрчим хүчний томоохон 18 компанийн бусдаас авах авлага 30,7 тэрбум төгрөг, бусдад төлөх өр төлбөр 52,8 тэрбум төгрөг болсон байна.