Тулгын гурван чулуу шиг ган барилдлагат ахан дүүсийн хамгийн отгон нь болох Самуэл коллежээ төгсөж ирэхдээ аав, ах нартаа сүйт бүсгүй болох Сусанаг танилцуулна. Тэдний танилцсан анхны өдөр Сусана нууцхан харцаар ах дүү гурвын дундах нь болох Тристанд дурлах боловч ёс зүйд нийцэхгүй хэмээн өөрийгөө ихэд барьж суудаг байлаа. Жирийн нэгэн амьдралаар амьдран суух тэр агшинд хөгшин Европд дайны гал дүрэлзэн асаж ах дүү гурвын том нь болох Алфред, отгон дүү Самуэл нар дайнд явж тулалдана гэж шийдвэр гаргасан нь эцэг Ладлоуг ихээхэн бухимдуулж орхино. Тристан аргагүйн эрхэнд ах дүү хоёртойгоо дайнд явахаар шийдэх бөгөөд түүний зорилго нь дүү Самуэлээ өмгөөлж хамгаалах байлаа.
Киноны гол дүрийн баатар Тристан нь хөнгөн хийсвэр санаа бодлоосоо илүү ухаалаг зоримог шийдвэр гаргадаг, түүнд хамгийн эрхэм нандин зүйл нь түүний гэр бүл байдаг нь киноны үйл явдлуудад маш тодоор харагддаг. Дүү Самуэлээ дайнд алдсаны дараа түүний сэтгэл зүйг тааварлахын аргагүй бэрх болдог. Энэ л хэцүү цаг үед түүнд дуралсан Сусана тус дэм болж улмаар хайр сэтгэлийн холбоотой болох боловч Тристан битүүхэндээ өөрийгөө үзэн ядаж өөрөөсөө өөрийнхөө мөн чанрыг таниж мэдэхээр урт удаан хугацааны аялалд явахаар шийдвэрлэнэ.
Ладлоугийн гэр бүлийн хамгийн том нь болох Алфред амьдралын хэв маягаа өөрчлөх зорилгоор хот суурин газар амьдрахаар шийдэн гэрээсээ явах бөгөөд түүний хувиа хичээсэн зан байдал энэ үеэр илүү тод харагддаг. Улмаар түүний хот газар дахь бизнес болон нэр хүнд нь маш өндөрт гарах бөгөөд дүү Самуэлийн сүйт бүсгүй Сусанад гэрлэх санал тавьж гэрлэдэг. Энэ үеэр урт хугацааны аялалаас Тристан эргэж ирэн түүнийг явахад бага балчир охин байсан Изабелтэй гэр бүл болон хоёр бяцхан хүүхдийн эцэг болж түр хугацаанд ч болов тайтгаралыг эрэлхийлэн амьдрана суудаг. Хөгшин болсон эцгийгээ асран халамжлахын хажуугаар Тристан хориотой наймаа хийх боловч нутгын бүлэглэлүүдтэй зөрчилдөн улмаар эхнэр Изабелээ алдаж ахин уй гашууд автана. Чухам энэ л үед ахан дүүсийн ариун нандин харилцааг найруулагч товойлгон гаргасан бөгөөд ах Алфред эргэн гэр бүлдээ ирж тэдэндээ тус дэм болно. Дүү Тристан эцэг Ладлоу нар Алфредийг эцэг дүүгийн ёсоор уучлан түүнийг гэр бүлдээ эргэн нэгтгэсэнээр энэхүү утга уяангын төрлийн кино бүтээл өндөрлөнө. Энэ кинонд хайр дурлалын ээдрээт явдал, атаа хорсол, урвалт, ахан дүүсийн барилдлагыг найруулагч Эдвард Звик гайхамшигтайгаар дүрслэн харуулж чадсан байдаг билээ.